Saturday, April 28, 2012

Өвгөжөөр эр ба жаалхүү

Саяхан "Шүгдэн" хэмээх романаа гаргасан зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын ярилцлага өчигдрийн Өнөөдөр сонинд гарчээ. 
Өвгөжөөр эр бяцхан жаалтай ярилцдаг тухай хэсэг нь үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Сайхан номыг анх удаа уншина гэдэг нээрээ л тийм байдаг даа.

-Та багадаа ямар ном уншдаг байв? -Миний бага насыг жаргалтай байлгахад хувь нэмрээ оруулсан номууд гэвэл Жюль Верний “Нууцат арал”, “Арван таван наст капитан”, Бажовын “Ногоолин хайрцаг”, Куперийн “Сүүлчийн могикан”, Майн Ридийн “Оцеола баатар” гээд л олон доо. Робинзон Крузод мөн ч их атаархдаг байж билээ. Эргээд бодсон чинь одоо ч түүнд атаархдаг хэвээрээ юм байна. Дээхнэ үед нэг зохиол дотор өвгөжөөр эр бяцхан жаалтай ярилцан суугаа тухай уншсан минь гэнэт санаанд орчихлоо. Хижээл эр “Чи Том Сойерыг уншсан уу?” гэхэд хүү “Үгүй” гэнэ. “Эрдэнэсийн арал”-ыг?” гэхэд нь жаалхүү бас л уншаагүй гэнэ. Тэгэхэд нь хижээл эр юу гэж хэлдэг гээч? 
-“Мөн ч тоогүй байна даа” гэдэг юм болов уу? -Хижээл эр санаа алдаад, “Ай даа, жаалхүү чи мөн ч азтай хүн юм даа. Тэр номуудыг анх удаа уншихад хэчнээн сайхан байдаг гэж санана!” гэж хэлдэг юм. Би Фолкнерын “Баавгай” туужийг анх уншиж байхдаа босоод хашгирмаар болж билээ. Ирээдүйд тийм сайхан номуудыг уншиж, номын амтанд орох жаалуудад үнэхээр атаархаж байна шүү.

1 comment:

  1. ёстой сайхан үг байна шд :) тоогүй байна даа гэсэн бол жаалхүү зэмлүүлсэндээ тунирхаад уншихгүй байсан ч юм билүү. тэр Баавгайг туужийг нь унших юм байна даа тэгвэл

    ReplyDelete