Saturday, May 26, 2012

UB's bookshops by 976 magazine


976 сэтгүүл гарахгүй их удаж байна даа. Эрхлэн гаргагч нь номонд дуртай, гоё блог хөтөлдөг байсан болохоор нь, бас агуулга материалууд нь үнэхээр сонирхолтой тул би энэ сэтгүүлд дуртай байдаг сан. Хурдан гарч эхлээсэй. 2 жилийн өмнө тус сэтгүүлийн нэг дугаарт УБ-ын номын дэлгүүрүүдийн талаар ийн бичиж байв: 


Улаанбаатарын номын дэлгүүрүүд

Wednesday, May 23, 2012

Made in Mongolia


Саяхан "Мөнхийн үсэг" ХХК орчин үеийн хэвлэх үйлдвэр ашиглалтад орууллаа гэж мэдээгээр гарч байсан. Баабар гуай "Монгол хураангуй Бритинника" хоёр ботиор хэвлэгдсэн гарсан тухай бичсэн нийтлэл-дээ энэ тухай буюу манайхан номыг хэрхэн чанартай хэвлэдэг болсон тухай багтаажээ:


"...Ном бүтээх олон дамжлагын хамгийн сүүлчийнх нь хэвлэх үйлдвэр байдаг. Энэхүү хоёр боть номыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн үйлдвэр хэвлэн гаргасан юм.  Ямар үзэмжтэй сайхан болсныг нь уншигч авгай номын дэлгүүрт очоод хараарай. Эх орны бүтээгдэхүүн! Манайд номын төрөл зүйл сүүлийн үед огцом олширсноос гадна өнгө чанар үзэмж нь итгэмээргүй сайжирсан. Хүмүүс ч ном их уншдаг болж. Ерэн оноос өмнө жилд 30-40 төрлийн ном хэвлэгддэг байжээ. Яг одоо Мөнхийн үсэг үйлвэрт хэвлэлтэнд явж байгаа номын төрөл 30 орчим байна. Сурах бичгийг эс тооцвол дундаж номыг хэдэн арван мянгаар нь хэвлэхээ больсон л доо. Гэхдээ хэдэн зуун төрлийн номын нийлбэр хэвлэгдэх тоо сүүлийн арван жилд суга өссөн. Улаанбаатарт гэхэд 30 шахам хэвлэх үйлдвэр ажиллаж байна гээд бод доо.  
Номыг гадаадад хэвлүүлдэг цаг үе өнгөрчээ. Үзэмжтэй ном хэвлэх болбол Хятад, Солонгос, Хонконг руу ханддаг, сурах бичиг мэтийн олон тоотойг нь Хөххот руу аваачдаг байсан. Одоо зөвхөн Мөнхийн үсэг гэхэд сурах бичгийг оролцуулаад манай нийт номын зах зээлийг дангаараа хангах хэмжээний хүчин чадалтай болсон байна. Аль социализмын үед өөдтэйхэн альбом хэвлүүлэх гэвэл Австри, Япон зэрэг валютийн буюу хөрөнгөт гэгдэх оронд ханддаг байсан. Гэтэл одоо бид өөрснөө огт дутахгүй, магадгүй зарим талаараа илүү гарахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах болж. ШУА-аас эрхлэн 1970 онд эхэлж 2002 онд дууссан хоёр боть нэвтэрхий толь хэвлүүлж байсантай харьцуулахад ч хүчирхэг, чадалтай хамгийн гол нь хариуцлагатай хувийн хэвшил үүссэнээр энэ салбарыг дэлхийн жишигт хүргэж байна. Made in Mongolia! Нүүр улайх юм байхгүй. Харин бахархмаар."

Friday, May 18, 2012

UB's 10th book fair



УБ-ын номын яармаг 3 өдөр болж амжилттай өнгөрөх шиг боллоо. Сүүлийн өдөр нь завдаачлан орж, шинэ содон ном харахын зэрэгцээ ганц нэг зураг дарав. Өнгөрсөн хаврынхыг бодвол гадаа биш дотор явагдаж буй тул үзүүлж буй, үзэж буй хүмүүстээ тохь тухтай байна лээ. Нүдэнд туссан шинэ номууд (шинээр хэвлэгдсэн) гэвэл: Ф.Юкичигийн "Эрдмийг эрхэмлэх ухаан", С.Смайлсын "Өөртөө туслах ухаан" (Энэ 2 орчуулагч Жаргалсайхан эгчийн бүтээлүүд, Монсудараас дахин хэвлэсэн аж), баруунд хит болж буй "Өлсгөлөн тоглоом", "Луун шивээст охин" (2уул орчуулгын номууд) зэрэг зохиолууд байв. Мөн, тус яармагийг тохиолдуулан гаргасан "Ном бол ..." сэтгүүлийг гол зохион байгуулагч Сувд эгчтэй таараад гуйгаад авчихсан гэж байгаа. Нүүрэн дээрх "Ном уу? Нам уу?" гэх картоон зураг нь их таалагдсан шүү.

Saturday, May 12, 2012

Данзангийн Нямсүрэнгийн номын сан

"Өдөр бүхэн би
Өвсөн дээр гишгэнэ билээ.
Өнө холдоо тэд
Над дээр ургана билээ" хэмээн шүлэглэсэн, Г.Аюурзанын "Д.Урианхай гуай шиг өндөр боловсролтой, гадаад хэлтэйсэн бол Монголыг яруу найргаар дэлхийд таниулах байсан байж магадгүй" хэмээн үнэлсэн, "Хаврын урсгал" хэмээх түүвэр нь миний ширээний номуудын дунд байр сууриа баттайяа эзэлсэн "Эрээнцавын Эвдрээгүй Нямсүрэн" хэмээх билигт яруу найрагчийн тухай өгүүлсэн "Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн" хэмээх ном бий. Түүн дотор  Баастын Золбаяр сэтгүүлчийн "Бүлээн" нэртэй хөрөг нийтлэл бичсэн байдаг билээ. Тэрхүү дурсамж нийтлэлийг өнөөдөр дахин гүйлгэн харахуйяа хөдөөх найрагчийн ширээний номуудын талаар бичсэн хэсэг нь нүднээ тусав:

"Д.Нямсүрэнгийн эдлэнгийн баруун хатавчнаас нар зөв тойрох байрлалтайгаар түүний номын сан сүндэрлэнэ. Энэ номын сангийн магнайд өөрийн нь хүлгүүд сойлгоостой. "Хаврын урсгал", "Сэтгэлийн байгаль", "Аглагхан талаасаа" гурав нь "хантайрайтайгаас" яруу найрагчийн уяа сунайх нь дэлхийн хэмжээний аргамагуудтай. Түүний дээр өгүүлсэн гурван ном хүлэг нь их уяанаасаа арай тусдаа уяатай. Энэ бол Нямсүрэнтэн өөрөө л урласан болов уу, хус модоор хийсэн хоёрхон хөлтэй жижигхэн тавиур юм. Ингэж номын сангаа өөрийнхөө номноос эхлэн шан татахдаа их номын сангаа баруун өвдөгнөөс нь түшишхийлгэн байрлуулсан нь хүндлэл дагуулсан хэрэг юмсан уу даа. Эрээнцавд байх энэ тансаг номын санд ямархан бүтээлүүд байна вэ? Цөөхөн дөө, цөөхөн. Нэрлээд өгье. Лев Толстойн "Дайн ба энх", Расул Гамзатовын "Миний Дагестан", Анатолий Рыбаковын "Арбатын хүүхдүүд", Эрнест Хемэнгуйн "Өвгөн тэнгис хоёр", Гомбожавын Мэнд-Ооёогийн "Утгын болор сүм", Очирбатын Дашбалбарын "Гол ус намуухан урсана" байхаас гадна бас бус хэдэн ном харагдана. Эдгээр нь Хөхнуурын хонхорын ховорхон шүлэгчийн ширээний нь номууд ажээ. Бас тэнд библийн "Шинэ гэрээ" байх нь их л уншигдсан шинжтэй. Дорны хэлгий уураг шиг амтат яруу найраг шижирлүүлэн хүний бөгөөд байгалийн амьдралыг өвс, цас, өөр гурав дээрээ ээнэгшүүлэн үргэлжлүүлсэн эрхэмсэг яруу найрагч эдгээрийг л уншихад хангалттай гэж тооцдог байсан бололтой..."

Thursday, May 10, 2012

Дэлхий даяар хамгийн их уншигдсан 10 ном

 Jared Fanning хэмээх дизайнер дэлхий дахинаа сүүлийн 50 жилийн турш зарагдсан бүх номын тоонд үндэслэн  Дэлхий даяар хамгийн их уншигдсан 10 номыг графикаар гаргажээ.
Энэ жагсаалтад харьцангуй сүүлийн үед гарсан зохиолууд цөөнгүй багтсан нь сонирхолтой.




Monday, April 30, 2012

Mongolian book websites that I know

www.internom.mn  Монголын хамгийн том номын дэлгүүрийн вэбсайт. Миний мэдэхээр засвартай гэсээр олон сарын нүүр үзэж буй. Одоо нэг нээгдэх цаг нь болсон баймаар юм даа гээд л гайхаад сууж байна.
 .
www.book.gogo.mn E-book-ны  худалдаа, түрээс. Одоогоор Монголд энэ бизнесийг амжилттай хийж буй ганц нь ч байж магадгүй. Харьцангуй сүүлийн үеийн, олон номтой.

www.kiebooks.com Тун саяхан нээгдсэн, монгол, англи e-book татдаг вэбсайт. Үнэгүй.
 Хуучны болоод сүүлийн үеийн, төрөл бүрийн номууд орж байгаа юм билээ. Зохиогчийн эрхийг чухам яаж шийддэгийг нь сайн мэдэхгүй байна.

www.taniinom.mn Өөрсдийгөө Номын нэгдсэн сайт, Оюуны зах энэ тэр гэж нэрлээд буй. Харьцангуй амьд вэбсайт юмуу гэж харагдсан.

www.mirnom.mn Цөөнгүй салбартай Мир номын дэлгүүрийн хөүмпэйж. Жаахан сайжруулмаар л харагдаж байна.

www.elibrary.mn  Дивангарын үеийн хэвээрээ л байна лээ, энэ сайт. Монголын уран зохиолын зарим номууд бий.

www.azkhur.mn Мөнхийн үсэг группын харъяа Аз хур номын дэлгүүрийн сайт. Зөвхөн өөрсдийн хэвлэлийн газраас хэвлүүлсэн номуудыг тавьдаг бололтой.



Saturday, April 28, 2012

Өвгөжөөр эр ба жаалхүү

Саяхан "Шүгдэн" хэмээх романаа гаргасан зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын ярилцлага өчигдрийн Өнөөдөр сонинд гарчээ. 
Өвгөжөөр эр бяцхан жаалтай ярилцдаг тухай хэсэг нь үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Сайхан номыг анх удаа уншина гэдэг нээрээ л тийм байдаг даа.

-Та багадаа ямар ном уншдаг байв? -Миний бага насыг жаргалтай байлгахад хувь нэмрээ оруулсан номууд гэвэл Жюль Верний “Нууцат арал”, “Арван таван наст капитан”, Бажовын “Ногоолин хайрцаг”, Куперийн “Сүүлчийн могикан”, Майн Ридийн “Оцеола баатар” гээд л олон доо. Робинзон Крузод мөн ч их атаархдаг байж билээ. Эргээд бодсон чинь одоо ч түүнд атаархдаг хэвээрээ юм байна. Дээхнэ үед нэг зохиол дотор өвгөжөөр эр бяцхан жаалтай ярилцан суугаа тухай уншсан минь гэнэт санаанд орчихлоо. Хижээл эр “Чи Том Сойерыг уншсан уу?” гэхэд хүү “Үгүй” гэнэ. “Эрдэнэсийн арал”-ыг?” гэхэд нь жаалхүү бас л уншаагүй гэнэ. Тэгэхэд нь хижээл эр юу гэж хэлдэг гээч? 
-“Мөн ч тоогүй байна даа” гэдэг юм болов уу? -Хижээл эр санаа алдаад, “Ай даа, жаалхүү чи мөн ч азтай хүн юм даа. Тэр номуудыг анх удаа уншихад хэчнээн сайхан байдаг гэж санана!” гэж хэлдэг юм. Би Фолкнерын “Баавгай” туужийг анх уншиж байхдаа босоод хашгирмаар болж билээ. Ирээдүйд тийм сайхан номуудыг уншиж, номын амтанд орох жаалуудад үнэхээр атаархаж байна шүү.