Saturday, May 12, 2012

Данзангийн Нямсүрэнгийн номын сан

"Өдөр бүхэн би
Өвсөн дээр гишгэнэ билээ.
Өнө холдоо тэд
Над дээр ургана билээ" хэмээн шүлэглэсэн, Г.Аюурзанын "Д.Урианхай гуай шиг өндөр боловсролтой, гадаад хэлтэйсэн бол Монголыг яруу найргаар дэлхийд таниулах байсан байж магадгүй" хэмээн үнэлсэн, "Хаврын урсгал" хэмээх түүвэр нь миний ширээний номуудын дунд байр сууриа баттайяа эзэлсэн "Эрээнцавын Эвдрээгүй Нямсүрэн" хэмээх билигт яруу найрагчийн тухай өгүүлсэн "Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн" хэмээх ном бий. Түүн дотор  Баастын Золбаяр сэтгүүлчийн "Бүлээн" нэртэй хөрөг нийтлэл бичсэн байдаг билээ. Тэрхүү дурсамж нийтлэлийг өнөөдөр дахин гүйлгэн харахуйяа хөдөөх найрагчийн ширээний номуудын талаар бичсэн хэсэг нь нүднээ тусав:

"Д.Нямсүрэнгийн эдлэнгийн баруун хатавчнаас нар зөв тойрох байрлалтайгаар түүний номын сан сүндэрлэнэ. Энэ номын сангийн магнайд өөрийн нь хүлгүүд сойлгоостой. "Хаврын урсгал", "Сэтгэлийн байгаль", "Аглагхан талаасаа" гурав нь "хантайрайтайгаас" яруу найрагчийн уяа сунайх нь дэлхийн хэмжээний аргамагуудтай. Түүний дээр өгүүлсэн гурван ном хүлэг нь их уяанаасаа арай тусдаа уяатай. Энэ бол Нямсүрэнтэн өөрөө л урласан болов уу, хус модоор хийсэн хоёрхон хөлтэй жижигхэн тавиур юм. Ингэж номын сангаа өөрийнхөө номноос эхлэн шан татахдаа их номын сангаа баруун өвдөгнөөс нь түшишхийлгэн байрлуулсан нь хүндлэл дагуулсан хэрэг юмсан уу даа. Эрээнцавд байх энэ тансаг номын санд ямархан бүтээлүүд байна вэ? Цөөхөн дөө, цөөхөн. Нэрлээд өгье. Лев Толстойн "Дайн ба энх", Расул Гамзатовын "Миний Дагестан", Анатолий Рыбаковын "Арбатын хүүхдүүд", Эрнест Хемэнгуйн "Өвгөн тэнгис хоёр", Гомбожавын Мэнд-Ооёогийн "Утгын болор сүм", Очирбатын Дашбалбарын "Гол ус намуухан урсана" байхаас гадна бас бус хэдэн ном харагдана. Эдгээр нь Хөхнуурын хонхорын ховорхон шүлэгчийн ширээний нь номууд ажээ. Бас тэнд библийн "Шинэ гэрээ" байх нь их л уншигдсан шинжтэй. Дорны хэлгий уураг шиг амтат яруу найраг шижирлүүлэн хүний бөгөөд байгалийн амьдралыг өвс, цас, өөр гурав дээрээ ээнэгшүүлэн үргэлжлүүлсэн эрхэмсэг яруу найрагч эдгээрийг л уншихад хангалттай гэж тооцдог байсан бололтой..."

No comments:

Post a Comment