Wednesday, May 23, 2012

Made in Mongolia


Саяхан "Мөнхийн үсэг" ХХК орчин үеийн хэвлэх үйлдвэр ашиглалтад орууллаа гэж мэдээгээр гарч байсан. Баабар гуай "Монгол хураангуй Бритинника" хоёр ботиор хэвлэгдсэн гарсан тухай бичсэн нийтлэл-дээ энэ тухай буюу манайхан номыг хэрхэн чанартай хэвлэдэг болсон тухай багтаажээ:


"...Ном бүтээх олон дамжлагын хамгийн сүүлчийнх нь хэвлэх үйлдвэр байдаг. Энэхүү хоёр боть номыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн үйлдвэр хэвлэн гаргасан юм.  Ямар үзэмжтэй сайхан болсныг нь уншигч авгай номын дэлгүүрт очоод хараарай. Эх орны бүтээгдэхүүн! Манайд номын төрөл зүйл сүүлийн үед огцом олширсноос гадна өнгө чанар үзэмж нь итгэмээргүй сайжирсан. Хүмүүс ч ном их уншдаг болж. Ерэн оноос өмнө жилд 30-40 төрлийн ном хэвлэгддэг байжээ. Яг одоо Мөнхийн үсэг үйлвэрт хэвлэлтэнд явж байгаа номын төрөл 30 орчим байна. Сурах бичгийг эс тооцвол дундаж номыг хэдэн арван мянгаар нь хэвлэхээ больсон л доо. Гэхдээ хэдэн зуун төрлийн номын нийлбэр хэвлэгдэх тоо сүүлийн арван жилд суга өссөн. Улаанбаатарт гэхэд 30 шахам хэвлэх үйлдвэр ажиллаж байна гээд бод доо.  
Номыг гадаадад хэвлүүлдэг цаг үе өнгөрчээ. Үзэмжтэй ном хэвлэх болбол Хятад, Солонгос, Хонконг руу ханддаг, сурах бичиг мэтийн олон тоотойг нь Хөххот руу аваачдаг байсан. Одоо зөвхөн Мөнхийн үсэг гэхэд сурах бичгийг оролцуулаад манай нийт номын зах зээлийг дангаараа хангах хэмжээний хүчин чадалтай болсон байна. Аль социализмын үед өөдтэйхэн альбом хэвлүүлэх гэвэл Австри, Япон зэрэг валютийн буюу хөрөнгөт гэгдэх оронд ханддаг байсан. Гэтэл одоо бид өөрснөө огт дутахгүй, магадгүй зарим талаараа илүү гарахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах болж. ШУА-аас эрхлэн 1970 онд эхэлж 2002 онд дууссан хоёр боть нэвтэрхий толь хэвлүүлж байсантай харьцуулахад ч хүчирхэг, чадалтай хамгийн гол нь хариуцлагатай хувийн хэвшил үүссэнээр энэ салбарыг дэлхийн жишигт хүргэж байна. Made in Mongolia! Нүүр улайх юм байхгүй. Харин бахархмаар."

No comments:

Post a Comment