Saturday, February 11, 2012

Өмнөх үг

Миний бие номонд хорхойтой нэгэн. Оюутан болоод удаагүй номонд шимтэж, хэд хэдэн сайн ном уншсан минь миний шальдархан ухааныг бага боловч тэлж, түүнээс хойш ганцхан ууж идээд, урсгал дагаад хөвөх биш, уншиж сэтгээд урагшилж явах юмсан гэж хэрэндээ л тэмүүлж явдаг болсноо би номын ач гэж талархан үзэж, ном уншигч хүмүүстэй нөхөрлье, номын ашиг тусыг, ном уншихын баяр цэнгэлийг таниагүй нэгэнд бага ч атугай таниулахсан гэж хичээдэг болсон юм.

Энэ учраас, түүнчлэн мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж буй, олон сувгийн мэдээллээр бөмбөгдүүлэх болсон өнөөгийн нийгэмд хүмүүс ном унших хүсэл сонирхол, зав зайгаар маруухан болсон ч тулхтай, даацтай мэдлэг, боловсрол олж авахад ном унших хэрэгцээ зайлшгүй хэвээр байгаа шүү гэдгийг уншигч танд эчнээ сануулах  гэж энэхүү блогийг нээж байна.

Блогтоо өөрийн болон бусдын бичсэн номын тойм, шүүмжээс авахуулаад зохиогчдын тухай, унших арга барил, техникийн талаар, номын дэлгүүр, үйлдвэрлэлийн тухай, олноо хүлээн зөвшөөрөгдсөн унших номын жагсаалтуудыг хүртэл оруулж тэмдэглэхээс гадна ижил сонирхолтой, хүндтэй хүмүүсийг урин номын тухай ярилцаж, энд тэнд тавигдсан уншууштай, үзүүштэй нийтлэл, нэвтрүүлэг сэлтийг хавсаргаж байх болно.

Та бүхэн блогоор маань орж гарч, үзсэн уншсанаа хуваалцаж, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлж байгаарай.

Хөтлөгч

1 comment:

  1. аан за ашгүйдээ, байнга уншиж бнаа

    ReplyDelete