Monday, February 13, 2012

Өлзийгийн чанад ертөнц

Дуртай яруу найрагчдын маань нэг Л.Өлзийтөгс эсээ, нийтлэлийн шинэ номоо гаргажээ. Өнөөдөр сонины орлогч эрхлэгч, сэтгүүлч С.Батбаатар гуай номынх нь талаар сайхан бичсэн байна:

Нутгийн дүү, миний сэтгэл зүрхээрээ хүндлэн өөриймсдөг дотнын эрхэм Гүн-Аажавын Аюурзана гэргий Лувсан доржийн Өлзийтөгсийнхөө номыг хүргэж иржээ. “Үзэхийн хязгаар” хэмээн Өлзий номоо нэрлэж. Энэ нэр, энэ эсээ ми ний Өлзийтөгсийн тухай гэгээн сэтгэл, гэрэлт бахархлын нэгэн хэсэг билээ. Бид Бал Эрхлэгчийнхээ нартаас буцсан арван хоёрдугаар са рын 15-нд түүнийг дурсах, түүнээс суралцахын учир сониндоо “Балдорж сэтгүүл зүй” хэмээх секц бэлтгэн гаргадаг болсоор гурван оныг үдэж байна. Өнгөрсөн жил яг энэ өдрөөр Өлзийг нийтлэл бичиж өгөөч хэмээн хүсэхэд тэр “Үзэхийн хязгаар”-аа өгч билээ. Сэтгэл, мэдрэмж, ур ухаан нэвт ханхалсан, лав ойрын хэ дэн жил уншаагүй мэт санагдах энэ энгийн хэрнээ гайхамшигтай үнэн бүтээлийг би өөрөөс нь ч асуулгүйгээр “БАЛДОРЖ” шагналд дэвшүүлчихсэн.
Эхний гурван шатны шалгаруулалтад өнгөлж явснаа хамгийн сүүлчийн, шийдвэрлэх шатанд хасагдчихсан юм. Шалтгаан нь “бичлэгийн тогтмол чанар” гэсэн үзүүлэлтийг хангасангүй. Сэтгүүлчдийн бүтээлийг шалгаруулахдаа байнга, тогтмол бичиж байх ёстой гэсэн нэгэн шалгуурыг шүүгчид бид оруулсан болохоор тэр. Уг нь ганцхан ийм бү тээл нийтлүүлчихсэн байхад дахиж амнаас уначих шахсан амтгүй юм өдөр алгасалгүй бичээд байх шаардлагагүй биш үү гэж бодогдсон ч шүүгчдийн шийдвэрээс зөрж чадаагүй юм. “Үзэхийн хязгаар” ном Өлзийгийн гучин зургаан насны үзэж өнгөрүүлсэн амьдрал, энэ ертөнцөөс олж мэдэрсэн ухаарлаас бүтсэн намтарчилсан эсээнүүдээс бүрджээ.
Номын хамгийн эхний хуудсанд “Үлдэнэ” гэсэн нийтлэл бий. Тэнд “…Зураач ахад амласан ёсоороо цэцэг тарьсан. Миний тарьсан цэцгүүдийн нэгийг та одоо гартаа барьж сууна. Та одоо үүнийг үнэрлэнэ. Аль нэгэн ху руугаараа, эсвэл зүрхээрээ зөөлөн зөөлөн тэмтэрч, илж, бас имэрч үзнэ. Өөрийнхөө болоод надад өгсөн бусдын хайраар, бас халуун залуу насныхаа амьсгалаар тордон ургуулсан учир энэ цэцэг удаан амьдарна гэдгийг би мэдэж байна. “Би үхнэ, чи үхнэ. Цэцэг л үлдэнэ”. Тэр ах зөвхөн энэ өгүүлбэрийг хэлэхийн тулд, энэ өгүүлбэрийг надад дамжуулахын тулд орчлонд ирээд буцсан тэнгэрийн элч ч юм уу. Хэрэв тийм бол би танд одоо тэнгэрийн элчийн үгийг зүрхэн дотуураа оруулаад дамжуулж байна. Би үхнэ. Бид адилхан. Гэхдээ биднээс заавал нэг юм үлдэнэ. Үлдэнэ. Тэр үлдэх зүйл нь зураач ахын хиртэй гарт цэв цэвэрхнээр туяаран байсан, энгүүхнээр цохилон байсан, нэрийг нь мэдэхгүй нялх цэцэг шиг тийм ариун зүйл байг. Миний адислал, миний ерөөл, миний ном! Энэ бол би…” хэмээжээ.
Энэ номын утга учир дээрх үгүүдэд багтаж байх шиг байна. Сониныхоо өглөөний ярианаас гарсныхаа дараа, ганц сайхан тамхи асааж аваад сэтгэл гижигдээд байсан номыг нээлээ. Тэр үнэхээр “тогтмол бичдэг” хүн биш ажээ. Тэр тасралтгүй бичдэг юм байна. Тэгэх дээ зүрхээрээ, сэтгэлээрээ, зөвхөн Өлзийд, өөрт нь л заяасан байж магадгүй тийм торгон нандин мэдрэмжээр бичдэг ажээ. Би түүний шүлгүүдийг мэднэ ээ. Яруу найраг гэж иймийг, яруу найрагч гэж Өлзий шиг хүнийг хэлдэг, зүгээр л мөр толгой холбохын донд автах бол яруу найргийн ажил биш ажээ гэдэгт түүний шүлгийг унших бүртээ улам бүр итгэдэг. Харин нийтлэл, эсээний хувьд “Үзэхийн хязгаар”-аас өөрийг мэдэхгүй. Гэтэл дан эсээнээс бүрдсэн, миний, чиний, хүн бүхний амьдралын эгэл учрал тохиол, ямагт бидний дэргэд байж л байдаг аав ээж, өвөө эмээ, найз нөхөд гээд жирийн хүмүүсийн тухай энэ ном үнэхээр сэтгэлийг уяраах, зүрхийг булгилуулах увдистай аж. Үгээр шид бүтээхийн, мэдрэмжийн ая данг эгшиглүүлж чадахын учир энэ аж.
Зургаан настай жаахан охин онгоцноос айгаад гудамжны модон сандал доогуур шурган нуугдах, тэгснээ тэр онгоц тэнгэрт яагаад тогтоод байгаагийн учрыг асуух гэж ухасхийхдээ хөл муутай, таягтай ахыг цочоон улаан нүүрээр нь унагаж орхих, нөгөө ах аавд нь түүнийг ховлож, ховч ахаас салахын түүс болж гэрээсээ гарч чадахгүй байсан балчирхан охинд нөгөө ах дараа нь хөөрхөн тоглоомон онгоц ирүүлэх. Гайхалтай сайхан түүх.
Гэхдээ Өлзий шиг “…муухай ааштай хүмүүс амьдралд минь учрах бүрийд, гомдож цөхөрмөөр эвгүй хүйтэн зан гаргах бүрийд “Энэ хүн дотроо бол ингэе гэж бодоогүй дээ, уурандаа л ингээд хэлчихсэн байх. Энэ хүн дотроо бол өөр хүн. Өөр! Сэтгэл дотроо энэ хүн намайг хайрлаж байж ч магадгүй” хэмээн нигүүлсэх минь хэнсэн бол? Нэгдүгээр ангийн сурагч охин үсээ сүлжиж сүлжиж толинд харахаар нэг гэзэг нь дээр, нөгөө нь дор. Будилсаар байгаад хичээлээсээ хоцорсон ач охиноо хараад “Үхсэн хойноо, муу хөгшин шулам л аваад ирж шүү дээ” гэдэг үлгэр ярьж өгч, орныхоо гудсан дор байсан өмдний муухай резинээр үсийг нь чивчиртэл боосон хэрнээ “За, одоо хичээлдээ яв, дэгдчих. Энэ муу толь руу харин одоо битгий хараарай. Хүн амьтан самууруулаад дэмий эд байгаа юм” гэж хэлж чадаж буй цөлх ухааныг, эгэл үнэнийг мэдэхээрээ нэг болсон өвгөнийг дүрсэлж чадах нь хэдсэн бол? Атгахан толинд өөрийгөө харж буй 80 настай эмээ, хөх нь чинэрээд халуурч буй охиныхоо зовлонг нимгэлэхийн тулд хиймэл шүдээ авч тавьчихаад хөхийг нь хөхөх гэж зүтгэх, тэгснээ охиныхоо хадам ээжийг ороод ирүүт сандран хиймэл шүд рүүгээ ухасхийх ээж, зүгээр л цай аягалан өгч байгаа бүсгүйг хараад “Миний охин ч удахгүй хөөрхөн маамуутай болох нь дээ” гэж хэлэх, өнөөх нь маргааш нь ЭХО-д харуулж байж үнэмших, цагаан сарын өглөө Аюурзанынд урт цагаан хадаг намируулан орж ирээд “Танай хоёр хүүхдэд золгохоор ирлээ” хэмээн ээжид нь хэлэх уул шиг сайхан Лувсандаш өвөө, төрөөд хэдхэн хонож буй хүүд нь Сүндэв генералын бэлэг болгон илгээсэн генералын мөрдэстэй, дах шиг том хуучин китель… гэх мэтийн үнэхээр зүрхээрээ уншихаас өөр аргагүй гэгээн мөрүүд энэ номд хэлхэгджээ.
Бага үдийн хэрд, арван нэгэн цагт нээсэн номоо арван долоон цаг хүртэл уншчихаж. Сонины л ажил хойно, миний унших ёстой нүүрүүд ширээн дээр давхарлагдчихаж. Аргагүйн эрхэнд номоо хойш тавилаа. Есдүгээр ангийн туранхай, жаахан охин Дарханд шүлэг уншиж байсныг, Болд-Эрдэнэ манай ажлын үүдэнд түүнийг дагуулчихсан ирэхэд нь яагаад ч юм харамлах сэтгэл төрснийг, “Ардын эрх“-д үүдэн хоймрын зайд хамт ажиллаж явснаа, Дашдондов гуайн муурын байшингийн кафед Аюуртай хамт сууж байгаад халз таарахдаа гэм хийсэн юм шиг ичингүйрэн инээмсэглэснийг, “Тэргүүн бүлэг” номыг нь анх уншихдаа л Өлзий гэж нүдний шил зүүснээс өөрөөр өөрчлөгддөггүй мэт санагддаг байсан энэ бүсгүй өвөрмөц ертөнц мөнийг ухаарснаа би огт мартдаггүй. Тэр хэрээрээ Өлзийг бас ч гэж мэднэ гэж боддог юм. Гэхдээ л тэр миний мэддэгээс бүр чанадын, давтагдашгүй ертөнц ажээ. Үүнийг “Үзэхийн хязгаар”-ыг уншаад илүү ихээр мэдрэв.
С.БАТБААТАР


Эх сурвалж: Өнөөдөр сонин (2012.2.8)

No comments:

Post a Comment