Friday, February 17, 2012

Дэлхийн дэлгэрэнгүй атлас Монголд анх удаа

Номун товч блог анхны ярилцлагаа тун саяхан НЭПКО ХХК-иас хэвлүүлсэн “ДЭЛХИЙН НЭН ШИНЭ АТЛАС” номын ерөнхий редактор Д.Хүрэлхүүтэй хийлээ. Та бүхэн таалан болгооно уу.

Номун товч: Манай урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та блогийн маань анхны зочин боллоо?

Зочин: Өө тийм үү, сайхан хэрэг байна. Номын талаар дагнаж бичдэг ийм блог төрсөнд баяртай байна.

Номун товч: Та атласынхаа талаар дэлгэрүүлж яриач? Ямар онцлогтой бүтээл вэ?

Зочин: Энэ бол 1-рт Монголын шинэ үеийн түүхэнд гарч буй анхны ДЭЛГЭРЭНГҮЙ атлас юм. Тус номонд зөвхөн физик газарзүйн зургуудаар тогтохгүй манай гарагийн олон гайхамшигт газар, үзэсгэлэнт хотуудыг харуулсан сансраас авсан өндөр нарийвчлалтай зургууд болон гойд чанартай гэрэл зургууд багтсан. Тэдгээр зураг нь бүгд сонирхолтой тайлбар өгүүлэлтэй. 2-рт, бид монголынхоо тухай тусгай бүлэг энэ номонд оруулж өглөө. Ялгаагүй физик газарзүйн зураг хийгээд  маш өндөр нарийвчлалтай хиймэл дагуулаас авсан зургуудтай. Хөвсгөл, Увс нуур, Орхоны хөндий, Алтайн нуруу, Хээр тал зэргийн зургийг бид өөрсдөө мөнгө төлөн захиалж GeoEye компаниар авахуулсан. Хүмүүс мэдэхгүй байж магадгүй,  GeoEye бол Google Eаrth-iig мэдээллээр хангадаг, сансрын зургийн Америкийн хамгийн том компани байгаа юм. Энэ атласын бүх зургийг тэд авсан.
3-рт, энэ атлас Монголын түүхэнд анх удаа Испанид хэвлэсэн ном боллоо. Товчхондоо ДЭЛХИЙН НЭН ШИНЭ АТЛАС бол өргөн хүрээг хамарсан физик газарзүйн зураг, яруу тодорхой гэрэл зургийн цомог, онц сонирхолтой тайлбар өгүүлэл, энэ бүгдийг нэг дор багтаасан томоохон бүтээл юм. Зургууд нь маш өндөр нарийвчлалтай учир та Амазонкийн ширэнгийн тосгон, Зимбабвегийн өмнөд хэсгийн бяцхан гацааг ч хүртэл олох боломжтой.

Номун товч: Урьд нь өөр дэлгэрэнгүй атлас  байгаагүй билүү?

Өмнөх атласууд нь бүгд товч байсныг хүмүүс мэдэж буй байх аа. Урьд Оросын атласыг л их сайн ашигладаг байлаа. Үүн шиг бүх агуулгыг нь монголчилсон, ийм дэлгэрэнгүй атлас гарч байсангүй. Саяхан бас ганц хоёр дэлхийн атлас монгол хэлээр гарсан боловч дэлгэрэнгүй биш, нэг нь гэхэд хэдхэн том хотын нэрийг монголчлоод л, доторх бүх юмыг нь англиар үлдээчихсэн байх жишээтэй.

Номун товч: Хаанахын ямар хэвлэлийн газрын атлас вэ?

Зочин: Энэ бол Германы  Wissenmedia гэдэг хэвлэлийн газрын бүтээл. Дэлхийд эхний 5-д орно. Манайхаас гадна дэлхийн олон орон энэ атласыг орчуулах эрхийг худалдаж авсан байдаг юм билээ. Анх 2004 онд хэвлэгдсэн. Мэдээллийн баазаа байнга шинэчилж байдаг. Жишээ нь энэ атласт ноднин зун тусгаар тогтносон Өмнөд Судан, за тэгээд Косовогийн газрын зураг, Каддафийг түлхэн унагасны дараах шинэ Ливи улсын төрийн далбаа зэргийг оруулсан байгаа. НЭН ШИНЭ гэж нэрлэсэн нь ийм учиртай.

Номун товч: Энэ атласыг гаргахын тулд хэдэн хүн хэдий хугацааны хөдөлмөр зарцуулав?

 2011 оны 1-р сараас эхэлсэн ажил. Тэгэхээр нэг жилийн дараа гарч байгаа юм байна. Үндсэн багт 10-аад хүн ажилласан. Ер нь манай НЭПКО-гийнхон бүгд оролцсон доо. Бүх юм Германы хэвлэлийн газартай байгуулсан гэрээний дагуу явсан.

Номун товч: Мэдээж номын гаргах эрхийг багагүй үнээр худалдаж авсан байх. Тэгээд дээр нь Испанид хэвлүүлж, энэ жижиг зах зээлд борлуулахаар ашиг гарах уу?

Зочин: Тийм, таны асуудаг зөв. Бид номын эрхийг нэлээд өндөр үнээр худалдаж авсан. Испанид хэвлэдэг нь бол цаад газрынх нь стандарт юм. Ашгийн тухайд, бид тийм өндөр үр дүн хүлээхгүй байгаа. Гэхдээ мэдээж зах зээлийн зарчмаар ядаж л зардлаа нөхөх тооцоо хийсэн байж таарна. Хамгийн гол нь залуу хойч үедээ нэг ийм бүтээл үлдээчих юмсан гэсэн зорилгыг бид өвөрлөсөн.

Номун товч: Номын нээлтээ хийх үү? Одоо хаагуур борлогдож байгаа вэ?

Зочин: Нээлтээ хийнэ байх. Номоо одоохондоо өргөнөөр борлуулж эхлээгүй байна. Нэпко компанийн байр болон Их дэлгүүрийн Majestic, Интерном зэрэг номын дэлгүүрүүдээс ирж авах боломжтой. Нэпко компанийн оффисоос ирж авбал хөнгөлөлттэй. 99023933, 11-326329 гэсэн утсаар асуугаарай. Номын талаарх мэдээллийг www.news.mn, www.nepko.mn, www.baabar.mn зэрэг сайтуудаас мөн үзэж болно.

Номун товч: Одоо яриагаа жаахан өөр тийш хандуулъя. Манай блог зочдоосоо дараах асуултуудыг асууж байхаар шийдсэн юм. Та ямар арга барилаар ном уншдаг вэ?

Зочин: Нэг их арга барилсаад байх юу байх вэ. Ямар ч байсан нэг гарчигт багтсан юмыг заавал 2 удаа уншдаг юм. 2 дахаа уншихаа байг гэхэд заавал гүйлгэж хардаг.

Номун товч: Одоо ямар ном уншиж байна?

Зочин: Лха.Дарьсүрэнгийн “Онцгой эрхроманыг.

Номун товч: Уншиж байсан номуудаас тань ямар нь их онцгой сэтгэгдэл төрүүлж байв?

Зочин: Их хэцүү асуулт байна. Санаанд орж байгаагаас Батын Нямаа гуайн “Арандалынхан” зохиолыг гайхалтай бүтээл гэж боддог шүү. Тухайн үеийн зохиолуудыг уншихад, хувьсгалч хүн бол хэт сайн, феодаль хүн бол хэт муу гэсэн үзэл ханхалдаг бол энэ зохиол хүн бол сайн ч юм хийдэг, муу юм ч хийдэг, 2 талтай байдаг юмаа гэдгийг харуулж өгсөн байдаг юм.

Номун товч: Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

2 comments:

  1. Saixan buteel gargasan bna. bi sayxan hudaldaj awsan. uneheer delgerengui saixan buteel bolson bnalee. tsaashid olon sain buteel gargaarai.

    ReplyDelete
  2. Амжилт хүсье Хүрлээд. Өшөө олон сайхан бүтээл туурвиарай

    ReplyDelete